Thursday, November 10, 2011

Архаг ядаргаанд оруулдаг долоон зүйл

          Маш хэцүү, ачаалалтай, дарамттай ажил хийдэг хүмүүс л архаг ядарганд ордог гэдэг. Уг нь бол тийм биш. Гэтэл гэрийн эзэгтэй нар, гэртээ зурагт үзэхээс өөр ажил хийдэггүй хүмүүс, хөнгөн ч гэлээ нэгэн хэвийн ажил хийдэг хүмүүс бас л архаг ядаргаанд орчихсоэ байдаг шүү дээ.
           Гадаад орчноос ирж байгаа өдөөлт, түүнд өгдөг бие махбоди ба сэтгэл санааны хариу хоорондын тэнцвэр алдагдахад ийм байдал үүсдэг ажээ. Стресс нь хүний амьдралд заавал тодорхой хэмжээгээр байж байх ёстой. Дунд зэргийн стресс нь хүнийг ухаан санаа, дотоод нөөц хүчээ дайчлан гадаад орчны таагүй зүйлд бүрэн дүүрэн хариулт өгөх боломжтой болгож байдаг. Гэтэл гадаад орчин ба хүний дотоод ертөнц хоорондын харьцааны тэнцвэр алдагдахад архаг ядаргаа үүснэ. Жишээлэхэд, мэдлэг чадвар өндөр эмэгтэй тэр их мэдлэг чадвараа ашиглахын оронд өдөржин гэртээ аахар шаахар зүйлтэй зууралдаж өнгөрөөдөг бол аяндаа архаг ядаргаа үүсэх нөхцөл бүрдэнэ. Эсвэл бие, чадвар дундаж байтал ажлынх нь ачаалал маш өндөр бол яваандаа архаг ядаргааны хам шинж бий болно. Дараах долоон зүйл хүнийг архаг ядаргаанд оруулдаг байна. 
          1. Онц сурлагатны хам шинж: 
          Ном, кино, рекламчид өдөр болгон шахуу л хүн бүр алдар нэртэй, баян тансаг болж, хүмүүсийн шүтээн явж чадна гэдэг. Ингээд хүн энэ бүх өндөрлөгт нэгэн зэрэг хүрэхийн тулд өмнө бурхан байсан ч хүрч чадахааргүй гэмээр өндөр зорилт тавиад "Тамирын голын мөсийг долоох шахан" зүтгэж эхэлнэ. Жишээлэхэд, маш өндөр чадвартай менежер эсвэл алдартай жүжигчин байж болно. Гэхдээ үүний тулд хувийн амьдрал, хуучны найз гэх мэт зүйлсээ золиослон орхихоос өөр аргагүй. Хамгийн хэцүү нь хэн ч хэзээ ч амьдралын хичээл болгонд ямагт онц авч чадаж байгаагүй болохоор хүн сэтгэлийн тэнцвэрээ алддаг. Ингээд л өнөөх алдарт архаг ядаргааны хам шинж бий болно. Ийм байдалд орохгүйн тулд өөртөө бага ч гэсэн хүлцэнгүй хандаж, хааяа нэг ч болов өөрийнхөөрөө байж сурах хэрэгтэй. Төсөөлөн бий болгосон дүрээ бус харин өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Бодит амьдрал дээр амьдарч байгаа, өөрийн сул ба давуу талтай хүн гэдгээ мартаж болохгүй. Кино, номон дээр гарч байгаа дүрүүд бол хэн нэгний зохиосон хийсвэрлэл төдий шүү дээ.
          2. Атаархал:
          Атаархал гэдэг хүний энергийг маш их үрэн таран хийдэг. Уур бухимдал, өөрийгөө үгүйсгэсэн элдэв хам шинжийг жинхэнэ үйлдвэрлэж байдаг мэдрэмж билээ. Атаархал бараг эмчлэгддэггүй гэдэг. Тиймээс атаархал гэдэг таагүй зүйлийг сэтгэлдээ тээж явдаг бол арай өөр, эерэг зүйлд анхаарлаа хандуулахыг хичээгээрэй. Байгалийн сайхан, хайр дурлал, урлаг гээд чин сэтгэлээсээ анхааран бахдах зүйл амьдралд олон.
          3. Өөртөө итгэлгүй байх:
          Байгалиас өөрт заяасан их эрч хүч, энергийн "шал" дэмий зүйлд үрэн таран хийх бас нэг зүйл бол тэд миний тухай юу гэж бодож байгаа бол гэж ямагт санаа зовж, хүмүүсийн үгэнд нийцэх гэсэн явдал юм. Ингээд хамт ажилладаг хүмүүс, найз нөхөд, хамаатнуудынхаа үг яриа, бодол санаанд нь өөрийгөө нийцүүлэх, хариу барих гэж хамаг хүчээ бардаг. Энэ бол өөртөө итгэлгүй байх, ямагт бусдаас урам, магтаал хүсдэг явдал юм. Ийм байдалд орохгүйн тулд юуны өмнө таны амжилт, бодол, байгаа байдлыг чинь хүмүүс нэг бүрчлэн сонирхоод байдаггүй гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэдэнд танаас илүүтэйгээр өөрийнх байдал чухал. Нэгэн цагт таны хэлсэн зүйл, өмссөн хувцас гэх мэт зүйлсийг хүмүүс дор нь мартаж орхидог. Тиймээс санамсаргүй хэлсэн үгнээс болж хэдэн долоо хоногоор өөрийгөө мэрэх, энергээ дэмий үрэх хэрэг байна уу?
          4. Байгаа зүйлдээ сэтгэл ханахгүй байх:
          Өөрт байгаа боломжийг бүрэн дүүрэн ашиглах гэсэн үнэхээр хэрэгтэй хүсэл, эрмэлзэл нь заримдаа ийм байдалд хүргэдэг. Ямагт урагшлан дээшлэнэ гэдэг сайхан ч хамгийн суут хүмүүс ч түр зуур болов амсхийн, урьд нь олж авсан зүйлээрээ амьдарч байдаг гэдгийг мартаж болохгүй. Өөрийнхөө боломжоос хэтэрсэн зүйлийг өөрөөсөө шаардана гэдэг сайн юманд хүргэж байсан тохиолдол тун ховор. Ийм байдалд орохгүйн тулд байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байж сурах хэрэгтэй. Ялалт болгонд ялагдлын үр байж, ялагдал болгонд ялалтын үр байдаг гэдгийг санаж байгаарай. Албан тушаалын дээд оргилд гарсан хүнд чөлөөт цаг, найз нөхөд, тайван амьдрал гэж байдаггүй. Харин нөгөөд эсрэгээрээ байх бөгөөд ар гэр, өөртөө илүүтэй анхаарал тавих боломжтой байдаг.
          5. Ямагт бүгдийг урьдчилан төлөвлөх, бүх л гэнэтийн зүйлээс өөрийгөө хамгаалах гэх:
          Өөрийгөө бүх төрлийн боломжит ба болзошгүй таагүй байдлаас хамгаалах гэсэн хүсэл хүнээс маш их энерги сордог. Энэ хүсэл нь хүн хүнд өөрөөр илэрнэ. Зарим нь хаа ч явсан аюулгүй байхын тулд ямагт улам улам баяжихыг хичээнэ. Зарим нь янз бүрийн номлол, шашны урсгалд орж айдсаа бусдад даатгахыг хичээнэ. Ямар байдлаар илэрлээ ч гэсэн аюулгүй байдлыг бүрэн хангах аргагүйн дээр хүч тамирыг багагүй сордог. Ийм байдалд орохгүйн тулд юуны өмнө амьдралд бүгдийг урьдчилан тооцож, бүгдийг төлөвлөх боломжгүй гэдгийг санаж байх хэрэгтэй. Байгаль дэлхий гэдэг өөрийн хуулиар амьдарч байдаг болохоос бидний төлөвлөгөө, хүслээр явдаггүй. Ийм байтал боломжгүйг болгох гэж өөрийгөө зовоох хэрэг байна уу?
          6. Шунал:
          Бусад хүн ямагт өөрийг нь мэхэлж, илүү хямд авах гэж байна гэж хардах бөгөөд хямд өгч шатахгүйн тулд юун дээр илүү ихийг олж болох вэ гэж тооцоолж байдаг. Хаа нэгтээ алдсан ч юмтай үлдэхийн тулд юун дээр илүү ихийг олж болох вэ гэж тооцоолж байдаг. Хха нэгтээ алдсан ч юмтай үлдэхийн тулд таарсан болгоноо хамахыг хичээнэ. Ийм байдалд орохгүйн тулд хаана алдаж, хаана олохоо хүн тэр бүр тооцоолох боломжгүй байдаг гэдгийг санаарай. Авах өгөх гэдэг хөрөнгө мөнгөнөөс гадна сэтгэл санааны ханамж, сайхан сэтгэл гэсэн өөр зүйлээр бас хэмжигдэж байдаг.
          7. Өөрийгөө бүрэн дайчлахгүй байх:
          Хэдий хачин санагдаж болох ч өөрийгөө бүрэн дайчлалгүй, хагас хүчээр ажиллах нь хүний энергийг бас их үрэн таран хийдэг. Ямарваа нэг үйл ажиллагаа зорилго, төлөвлөгөө, гүйцэтгэл, хяналт, дотоод үнэлгээ гэсэн таван бүрдүүлэгч хэсэгтэй. Хэрэв хүн эдгээрээс зарим нэгийг нь алгасаад байдаг бол таагүй юм эхэлнэ. Жишээлэхэд, өмнөө зорилго тавьдаггүй, өөр хүмүүс өмнөөс нь тавьдаг, эсвэл дүгнэлт хийх хэсгийг найздаа даатгаад яваад байвал сэтгэлд нь бухимдал хуримтлагдсаар яваандаа архаг ядаргаанд хүргэнэ. Ийм байдалд орохгүйн тулд хааяа нэг ч гэсэн гялалзсан амжилт үзүүлж чаддаггүй зүйлээ хийх гээд оролдоод үзээрэй. 
         

No comments:

Post a Comment