Thursday, November 10, 2011

Үнэн сүсэг бишрэлийн тухай өгүүллэг

          Нэгэн нутагт их гантай зун болжээ. Жижигхэн тосгоны тариачид ургацандаа ихэд санаа зовно. Тэгээд нэгэн өдөр бүгд цугларч байгаад ламтанд хандан зөвлөгөө хүсчээ.
- Ламтан минь бид ямар нэг зүйл хийхгүй бол ургацаа алдах нь.
- Та нар үнэнхүү чин сүсгээр залбирах гэсэн ганцхан зүйл л хийх хэрэгтэй. Чин сүсэг бишрэлгүй залбирал гэдэг залбирал биш байдаг юм. Залбирал гэдэг зүрх сэтгэлээс гарах ёстой.
          Дараагийн долоо хоногийн турш тариачид өдөрт гурван удаа цугларан бурханаас бороо хүсэн залбиран мөргөж гэнэ. Гэвч бороо ороогүй болохоор бүгд ахиад л ламтныд иржээ.
- Ламтан минь нэг л болдоггүй ээ. Бид өдөр болгон хамт цуглаж байгаад мөргөж залбирах атал бороо ордоггүй.
- Та нар үнэхээр чин сүсэг бишрэлээр залбирсан уу? гэж ламтанг асуухад бүгд л үнэхээр чин сүсэг бишрэлээр залбирсан гэцгээж. Гэтэл ламтан хариуд нь:
- Та нар ямар ч сүсэг бишрэлгүй мөргөсөн гэдгийг чинь би хараад л мэдсэн. Яагаад вэ гэвэл ийш ирж явахдаа борооноос хамгаалах шүхэр барьж ирсэн нэг ч хүн та нарын дотор алга гэж хариулжээ.

No comments:

Post a Comment